Шалгалт өгөхийг сонирхож буй иргэдийн анхааралд: Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмын талаар. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалттай холбоотой зарим асуулт, хариулт

Асуулт:  Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэзээ зарлах вэ?

Хариулт: Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд (тухайн албан тушаалд ажиллаж байсан хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрч эсхүл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, эрүүл мэндийн байдлын болон урт хугацааны сургалтад хамрагдах болсон, халагдсан зэрэг) төрийн захиргааны байгууллагууд энэхүү сул орон тоог нөхөх захиалгаа Төрийн албаны зөвлөлд  ирүүлдэг.

Тухайн сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий зарыг  Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу  өмнө нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж нөхөх боломж, бололцоог бүрдүүлэх үүднээс  www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаны "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц → Нөөцөөс нөхөх иргэдийн зар" гэсэн хэсэгт  байршуулж нийтэд зарладаг.

Хэрэв зард заасан хугацаанд нөөцөд бүртгэлтэй иргэдээс зарлагдсан сул орон тоо нөхөгдөөгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлөөс тухайн сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий зарыг  www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаны "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт→Мэргэшлийн шалгалтын зар, мэдээлэл" гэсэн хэсэгт шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан "Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн  шалгалт"-ыг зохион байгуулдаг юм.

Тоо баримт дурдахад Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комиссоос мэргэшлийн шалгалтыг 2009 онд 7 удаа, 2010 онд 21 удаа, 2011 онд 22 удаа,  2012  онд 06 сарын байдлаар 16 удаа зохион байгуулсан.

Асуулт:  Төрийн албаны мэргэшлийн шалгалтын  зар гарсан тохиолдолд иргэд хаана бүртгүүлэх вэ?

Хариулт: Мэргэшлийн шалгалтын талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудас болон интернэтийн олон нийтийн сүлжээ (facebook, twitter) -ээр дамжуулан  авах боломжтой.

Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавигдах мэргэшлийн шалгалтын зард тухайн сул орон тоо хаана ямар байгууллагад гарсан, ямар боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагатай байх, гадаад хэлний шаардлага тавигдсан эсэх, ямар материал бүрдүүлэх, бүртгэл болон шалгалт авах байр, хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл тавигддаг юм.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.

"Төрийн албаны мэргэшлийн шалгалтын Сорилгын хураамж"-ийг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн /ЗГ-ын ордны баруун талд байрлах/ Номын дэлгүүрээр худалдаж байгаа болно.

Асуулт:  Нөөцөд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хариулт: Энэ асуултад хариулахын тулд мэргэшлийн шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгье. /”Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсанд байгаа/ Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гол зорилго нь тухайн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд тавигдах шаардлагыг хангах иргэнийг сонгон шалгаруулах явдал байдаг.

Төрийн жинхэнэ албанд анх орох иргэнийг сонгон шалгаруулах  мэргэшлийн шалгалт нь нэгдүгээрт, Баримт бичгийн шалгалт, хоёрдугаарт, Төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль тогтоомжийн мэдлэгийн сорилын шалгалт, гуравдугаарт, Ур чадварын шалгалт, дөрөвдүгээрт, Ярилцлагын шалгалт гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Тодруулбал, “Баримт бичгийн шалгалт”-аар өрсөлдөж байгаа ажлын байранд тавигдсан ерөнхий шаардлагын боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага гэсэн  дөрвөн үзүүлэлтийг  иргэний  бүрдүүлсэн бичиг баримттай тулган  шалгана. Энэ шалгалтанд “Тэнцсэн” иргэний дээд боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо өгч,  боловсролын болон эрдмийн зэрэгт  2-6 хүртэлх  онооны дээд түвшинд харгалзах оноог  өмнөх  голч дүнгийн оноон дээр нэмж өгнө. “Сорилын  шалгалт”-аар иргэний төрийн бодлого, төрийн албатай холбогдсон  хууль  эрх зүйн мэдлэгийн түвшинг  тогтоож,  60 хүртэл онооны үнэлгээ  өгөх бөгөөд  35 буюу  түүнээс дээш оноо авсан иргэнийг  сорилын  шалгалтад тэнцсэнд тооцно. “Ур чадварын шалгалт”-аар  ажлын байранд тавигдах өрөнхий шаардлагын хүрээнд  тухайн иргэний албан хэрэг хөтлөх зэрэг ур чадварыг 10 хүртэл оноогоор, компьютерийн өргөн хэрэглээний програм хэрэглэх ур чадварыг 5 хүртэл оноогоор тус тус үнэлнэ. “Ярилцлагын шалгалт”-аар иргэний  ажилд орохыг сонирхож буй байгууллага, ажлын байр(албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаал хашихад шаардлагатай  мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлоход чиглэгдсэн таван асуултын хүрээнд иргэнтэй  ярилцаж шалгана. Асуулт бүрт 1-3 хүртэл оноогоор үнэлгээ өгөх бөгөөд энэ шалгалтын нийлбэр оноо 15 хүртэл байна. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр хийдэг. Энэхүү дөрвөн төрлийн шалгалтад 55 ба түүнээс дээш оноо авсан иргэдийг нөөцөд бүртгэх ба хамгийн өндөр оноо авсан иргэн тухайн өрсөлдсөн албан тушаалдаа томилогддог болно. “Сорилын  шалгалт” болон “Ур чадварын шалгалт”-ыг цахимаар авдаг болсон.

Асуулт:  Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар авдаг  гэдэг нь шалгалт өгөх гэж байгаа иргэн гэрээсээ шууд шалгалт өгнө гэсэн үг үү?

Хариулт: НҮБ-ын Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс  зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг програм хангамжийн түвшинд боловсруулж 2011 оны 11 дүгээр сараас шалгалтыг цахимаар авч эхэлсэн. Өнөөдөр яам, агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг энэхүү цахим системээр авч хэвшсэн. Ийнхүү  төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсноор: Нэгдүгээрт, Зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл программд шивэгдэн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар шууд нийтэд мэдээлэгдэнэ гэсэн үг юм. Энэ нь иргэд болон байгууллагуудад тухайн ажлын байранд хичнээн хүн бүртгүүлснийг хянах, хэдэн хүнтэй өрсөлдөхөө мэдэх боломжийг нээлттэй олгож байгаа юм. Хоёрдугаарт, Сорилын болон Ур чадварын шалгалтыг цаасгүй технологи буюу комьпютер дээр өгөх бөгөөд шалгалтын програмаас сорилыг санамсаргүй байдлаар шалгуулагчдын өөрсдийнх нь хяналт дор сэлгэн зохиож шалгалтыг авч,  үр дүнг тэр даруй шалгуулагчид өөрт нь болон  интернэтээр нийтэд мэдээлэх юм. Гуравдугаарт, Шинээр ашиглаж эхэлсэн энэхүү програм хангамж нь бүртгэл, сорилын сан, шалгалтын бүх үйл ажиллааг хамтад нь, цогцоор нь шийдсэн бөгөөд интернэтийн орчинд буюу онлайн горим ажиллах нөхцлийг бүрдүүлж чадсанаараа төрийн албанд орохоор өрсөлдөж буй  иргэд болон нийтэд ил тод, ямар нэгэн хардлага сэрдлэггүй төрүүлэхгүй байх бүхий л нөхцлийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдийн талаарх мэдээлэл нөөцийн санд бүртгэгдэж, ингэснээр нөөцөд байгаа иргэдийн мэргэжил, боловсрол, туршлагаар нь хайлт хийх боломжтой болж байна.

Цаашид хөдөө орон нутагт төрийн албаны мэргэшлийн шалгалтыг энэхүү програм хангамжаар авахаар зорьж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг, Орхон, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг анх удаа цахимаар авахад нь аймаг дахь Салбар зөвлөлд арга зүйн тусламж үзүүлсэн  юм. Үүний үр дүнд Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь аймгуудаас анх удаа бие дааж энэ сард төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар  амжилттай авсан.

Харин шалгалт өгөх гэж байгаа иргэн гэрээсээ  шалгалт өгөх боломжгүй, яаж ч бодсон энэ хүн өөрөө өгч байгаа юм уу, хуулах  гэх зэрэг асуудал байх учир тусгайлан бэлтгэсэн кабинет бүхий компьютер дээр шалгуулагч иргэн бичиг баримтаа комисст шалгуулсны үндсэн дээр шалгалт өгдөг, ер нь  олон улсын шалгалт болох “ IELTS,  TOEFL IBT”-ын шалгалт мөн адил ийм журмаар явагддаг.

Асуулт:  Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх гэж байгаа иргэдээс гадаад хэлний шалгалт авдаг болсон гэсэн яриа байна, энэ талаар тодруулахгүй юу?

Хариулт: Төрийн албаны зөвлөл нь 2010 оноос зарим ажлын байранд англи хэлний мэдлэгийн  тусгай шаардлага тавигдсан тохиолдолд тухайн ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч эхэлсэн.

Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилтанууд болон дотоодын англи хэлний сургалт, судалгааны төвүүдээр авахуулж байсан. Ингэж англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулахад шалгуулагч иргэд дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, шалгарсан иргэн захиалагч байгууллагын тавьсан шаардлагыг хангаж байгаа эсэхэд зарим нэг талаар эргэлзэх тохиолдол гарч байсан юм. Иймд Төрийн албаны зөвлөлөөс гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн байгууллагаар авахуулах ажлыг эрэлхийлж, “TOEIC” шалгалтын талаарх мэдээлэл, танилцуулгыг судлан үзсэний үндсэн дээр тус байгууллагын Монгол дахь Үндэсний төвтэй  хамтран ажиллах гэрээг 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан болно.

Гэрээний хүрээнд Төрийн албаны зөвлөл, Монгол дахь “TOEIC”-ийн Үндэсний төвтэй хамтран  “TOEIC”-ийн хамгийн анхны шалгалтыг 2012 оны  04  дүгээр сарын 11-ний  өдөр амжилттай зохион байгуулсан.

“TOEIC” шалгалт нь “TOEFL”, “IELTS” шалгалтын нэгэн адил олон улсын шалгалт бөгөөд тухайн ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг шалгаж, тогтоож өгөхөд зориулагдсанаараа дээрх хоёр шалгалтаас зорилгоороо ялгагддаг.

Ийнхүү англи хэлний мэдлэгийн  тусгай шаардлага тавигдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс  “TOEIC” шалгалтыг авдаг болсноор тухайн ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшинг олон улсын шалгуураар тогтоон гэрчилгээ олгох ажлыг хөндлөнгийн олон улсын мэргэжлийн боловсролын байгууллагаар хийлгэж байгаагаараа онцлог юм.

Харин гадаадад их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалтаар авсан оноо, тухайн хэлээр эзэмшсэн дээд боловсрол, уг иргэний түүнд холбогдох баримт бичгийг нь  үндэслэн гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд шууд тооцож болно. Энэхүү шалгалтад “Тэнцэнэ” гэсэн үнэлгээ авсан иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй болно.

Асуулт:  Тэгэхээр энэхүү шалгалт өгсөн иргэд “TOEFL”, “IELTS” нэгэн адил гэрчилгээ авна гэсэн үг үү?

Хариулт: Тиймээ, шалгалт өгсөн иргэнд олгогдсон энэхүү гэрчилгээ нь төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөнө. Дахин хэлэхэд “TOEIC” шалгалт нь “TOEFL”, “IELTS” шалгалтын нэгэн адил олон улсын шалгалт бөгөөд тухайн ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг шалгаж, тогтоож өгөхөд зориулагдсанаараа дээрх хоёр шалгалтаас зорилгоороо ялгагддаг.

“TOEIC” шалгалтыг Төрийн албаны зөвлөл, Монгол дахь “TOEIC”-ийн Үндэсний төв зохион байгуулж, шалгуулагч иргэдийн шалгалтын материалыг АНУ дахь “TOEIC”-ийн төвд онлайнаар явуулж 2 цагийн дотор шалгалтын дүн бүхий гэрчилгээ нь ирдэг. Өөрөөр хэлбэл англи хэлний мэдлэгийн  тусгай шаардлага тавигдсан  төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшинг олон улсын шалгуураар тогтоон өдөрт нь багтааж дүгнэдэг гэсэн үг юм.

Асуулт:  Сүүлийн үед  төрийн  албанд ороход заавал цэргийн алба хаасан байх уу гэсэн асуулт цөөнгүй тавигдаж байна?

Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т зааснаар цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон. Гэхдээ энэ заалт 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд хамаарахгүй юм.

Иймд 1990 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр болон түүнээс хойш төрсөн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй болно.

Асуулт: Би хөдөө суманд байгаль орчны газрын даамал хийдэг. Шалгалт өгөөд ажилдаа ороод 6 сар болж байна. Гэвч өөр суманд энэ орон тоон дээрээ ажиллахыг хүсвэл тэр орон тоо байгаа газарт шалгалтгүйгээр орох боломжтой болов уу?

Хариулт: Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар нөхнө гэж заасан байдаг.

Иймд  төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн Төрий албаны зөвлөл болон аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшин томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч өөр байгууллагад шилжин ажиллах тохиолдолд дахин шалгалт өгөх шаардлагагүй юм.

Асуулт: Дээд мэргэжил эзэмшээд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй байна. Гэтэл миний сонирхсон ихэнх ажлын байранд ажилласан жил шаардсан байх юм. Би хэрхэн шалгалт өгөх ёстой вэ?

Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “ албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох ...” гэж заасан байдаг.  Эдгээр хуульд заасан шаардлагын дагуу Төрийн захиргааны байгууллагууд бодлого боловсруулах түвшний зарим албан тушаалын сул орон тооны захиалгыг нийтэд зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд ирүүлэхдээ тухайн албан тушаалыг хашихад зайлшгүй шаардагдах мэргэжлийн ур чадвар, мэргэшил, туршлагыг харгалзан “мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажилласан байх”, “төрийн албанд”(төрийн үйлчилгээний албан тушаалд) тодорхой хугацаанд ажилласан туршлагатай байх гэх мэт ерөнхий шаардлагыг тавьдаг.

Гэхдээ Төрийн албаны зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагын бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц мэдээллийг сурвалжлан судалж, задлан шинжилгээ хийх, гүйцэтгэсэн ажлын чанарын талаар хариуцлага хүлээх, нийтлэг үйлчилгээний ажилтан нарын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий  туслах түшмэл/сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан, зохион байгуулагч/-ийн албан тушаалуудад ажилласан жилийн  шаардлагуудыг тавихгүй байхаар шийдвэрлэсэн. Иймд төрийн жинхэнэ албанд анх орох иргэд туслах түшмэлийн  албан тушаалын сул орон тоонд ажилласан туршлага харгалзахгүйгээр өрсөлдөх боломж нь нээлттэй болсон.

Асуулт: Надад нийгмийн даатгалын дэвтэр байхгүй. Тийм болохоор шалгалт өгч болох уу?

Хариулт: Хэрэв тухайн ажлын байранд “Мэргэжлээрээ ажилласан байх” гэсэн шаардлага тавигдсан бол Нийгмийн даатгалын дэвтэр шаардлагатай. Харин “Мэргэжлээрээ ажилласан байх” гэсэн шаардлага тавигдаагүй бол  Нийгмийн даатгалын дэвтрийн шаардлагагүй. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын  дэвтэр нь ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт бичиг болдог болно.

“Мэргэжлээрээ ажилласан байх” гэдгийг тухайн мэргэжлээрээ улсын болон хувийн хэвшилд ажилласан байхыг  ойлгоно. Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасан хугацаа тооцох журмын дагуу хоногоор тооцдог. Жишээ нь, мэргэжлээрээ 1-ээс  доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна гэвэл  яг хоногоороо тооцоход 365 хоног гүйцсэн байх ёстой гэсэн үг.  Энэ хугацааг тооцохдоо Нийгмийн даатгалын  дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд  бичигдсэн ажилласан хугацааг баримтална.

 

Харилцах хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр Утас: 976-51-264216 Факс: 976-51-264460







Бусад холбоос

Баннер
Баннер