Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын анхааралд: Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Шалгалт өгөхийг сонирхож буй иргэдийн анхааралд: Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмын талаар. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцтэй холбоотой зарим асуулт, хариулт

Асуулт: Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд гэж хэнийг ойлгох вэ?

Хариулт: 2009, 2010 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг хэлнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. 2009 оны төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа 2011 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусна.

Асуулт: Төрийн захиргааны байгууллагад гарсан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаарх мэдээлэл/зар/-ийг хаанаас авах боломжтой?
Хариулт: Төрийн албаны мэргэшлийн шалгалтын төв комисс байгууллагуудаас ирүүлсэн сул орон тоог хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, ажлын байранд тавигдах шаардлага, албан тушаалын ангилал, зэрэглэл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлан шалгасны дараа нийтэд мэдээлдэг. Иймд төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд сул орон тооны талаарх мэдээлэл/зар/-ийг өдөр тутмын сонин, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаас үзэх боломжтой.
Асуулт: Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд сул орон тооны талаарх мэдээлэл/зар/-ийн дагуу хэрхэн бүртгүүлэх вэ?
Хариулт: Төрийн захиргааны төв байгууллагын хувьд тухайн ажлын байрны сул орон тоо зарлагдсан байгууллага дээр очиж бүртгүүлнэ. Тухайн байгууллага бүртгүүлэхээр ирсэн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг бүртгэж, сул орон тоонд авч ажиллуулах иргэний болон бусад бүртгүүлсэн иргэдийн талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ. Төрийн албаны зөвлөл бүртгүүлсэн иргэдийн талаарх мэдээлэл болон тухайн байгууллагын саналыг хуралдаанаараа хэлэлцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргана.
Орон нутгийн захиргааны байгууллагын хувьд аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дээр бүртгүүлэх бөгөөд тухайн салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргана.

Асуулт: Нөөцөд байгаа иргэнийг тухайн байгууллага шууд томилж болохгүй гэсэн үг үү?
Хариулт: Болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргана.
Харин томилох эрх бүхий этгээд зарлагдсан сул орон тоонд бүртгүүлсэн иргэдээс хэн нэгийг нь сонгон тухайн албан тушаалд томилох боломжтой гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа, бүртгүүлсэн иргэдийн материалын хамтаар төрийн албаны төв байгууллага болон салбар зөвлөлд ирүүлэх бөгөөд харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн дарга болон орон тооны гишүүд, салбар зөвлөлд түүний дарга, нарийн бичгийн дарга болон бусад 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ. Гэхдээ Төрийн албаны зөвлөл болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөл томилох эрх бүхий этгээдийн санал болгосон иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор томилуулахаар нэр дэвшүүлнэ.

Асуулт: Туслах түшмэлийн ангиллын ажлын байранд шалгалт өгч тэнцсэн иргэн яам, агентлагын сул ажлын байранд зарын дагуу бүртгүүлж болох уу?
Хариулт: Болохгүй. Мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээшхи зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаал/ажлын байр/-ын сул орон тоонд зарын дагуу бүртгүүлж, орох боломжтой. Өөрөөр хэлбэл мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээшхи зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж болно. Тухайлбал дэс түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилал дотроо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллах боломжтой гэсэн үг.

Асуулт: Төрийн захиргааны байгууллагын сул орон тоог нөөцөөс нөхөх зар хэзээ гардаг вэ?
Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс авах хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн сул орон тооны захиалгыг хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, ажлын байранд тавигдах шаардлага, ангилал, зэрэглэл холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлан шалгасны дараа зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар нийтэд мэдээлдэг.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Та төрийн албаны мэргэшлийн шалгалт болон нөөцөөс сул орон тоог нөхөх тухай зар, мэдээллийг тогтмол авахыг хүсвэл Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягт байнга зочлохыг хүсье.

 

Харилцах хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр Утас: 976-51-264216 Факс: 976-51-264460