Төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмын талаар. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн тухай. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
О.Ганбатыг Төрийн өмчийн хорооны даргад нэр дэвшүүллээ

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн, удирдах ажилтнуудын сонгон шалгаруулалтын дүнгийн тайлан, маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт, зарим салбар зөвлөлийн даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дорноговь, Дорнод, Увс  аймгуудад зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад 277 иргэн  бүртгүүлснээс, 144 нь тэнцэж, 45 нь дэс түшмэлийн, 99 нь туслах  нөөцийн жагсаалтад бүртгэгдэн, 31 иргэнийг тухайн ажлын байранд томилуулахаар нэр дэвшүүлэв. Энэ шалгалтын үеэр Дорнод, Увс аймгаас нэг нэг иргэний боловсролын баримт бичгийн мэдээлэл зөрсөн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар шалгуулах хүсэлт тавьсан байна.

Хөдөө орон нутагт зарлагдаж байгаа Мал эмнэлэг үржлийн газрын ажлын байрны сул орон тоо удаа дараа нөхөгдөхгүй байгаа тул ХХААХҮЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлтэй хамтран энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар ярилцахаар тогтлоо.

Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцэв. Тайланг хэлэлцээд, О.Ганбатыг Төрийн өмчийн хорооны даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Засгийн газарт хүргүүллээ. Мөн Н.Эрдэнэ-Очирыг Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, О.Чулуунбатыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар тус тус нэр дэвшүүлж,  тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ц.Мөнгөнцоож, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманьд нарт санал болгохоор тогтов.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гаргуулж, нэр дэвшүүлэх тухай  хэлэлцээд,  уг албан тушаалд Д.Отгонбаатарын нэрийг дэвшүүлснээ  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлд санал болголоо.

Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Энхсайхан нараас гаргасан гомдлын талаарх Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг ээлжит хуралдаанаар хэлэлцэв. Маргаан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцээд Д.Амарсайханыг “Ажлаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоол “илт хууль бус” байна, Ц.Энхсайханыг “Ажлаас халах тухай”  Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/120 тоот захирамж "хууль зүйн үндэслэлгүй байна" хэмээн үзэж, дээрх тогтоол, захирамжийг хүчингүй болгуулахаар Засгийн газарт болон Дундговь аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.

Хуралдаанаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 21 байгууллагаас 75 албан хаагчид зэрэг дэв олгуулах санал ирүүлснийг хянан хэлэлцээд, 59 албан хаагчид тэргүүн түшмэл болон эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Засгийн газарт  хүргүүлэхээр тогтлоо.

Мөн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг томилов.

 

Харилцах хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр Утас: 976-51-264216 Факс: 976-51-264460