АНУ-ын Төрийн ёс зүйн газар (OGE) Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн анхны уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цахимаар зохион байгуулж, төрийн албан дахь ёс зүйн асуудлаар харилцан танилцуулга, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтад Америкийн Нэгдсэн Улсын талаас АНУ-ын Төрийн ёс зүйн газрын захирал Эмори Раундс, АНУ-ын Төрийн ёс зүйн газрын Ажлын албаны дарга бөгөөд Хөтөлбөрийн консул Шелли Финлайсон, АНУ-ын Төрийн ёс зүйн газрын Ерөнхий консул Дэвид Апол, АНУ-ын Төрийн ёс зүйн газрын Нийцлийн асуудал хариуцсан дэд захирал Дэйл Кристофер, АНУ-ын Төрийн ёс зүйн газрын Олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ассошэйт консул Элизабет Хортон, Монголын талаас Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, гишүүн Ц.Амартөгс, Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, С.Цэдэндамба, Ажлын албаны нэгжийн удирдлага, холбогдох бусад ажилтнууд, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ө.Батбаяр, элчин зөвлөх Я.Болд-Эрдэнэ, зөвлөх Г.Алтанхундага нарын албан тушаалтнууд оролцлоо.
АНУ-ын Төрийн ёс зүйн газрын захирал Эмори Раундс хэлсэн үгэндээ “Бидний мэдээлэл, туршлага та бүхэнд хэрэг болоосой гэж бодож байна. Бид ч та бүхнээс суралцах болно. Монголын Төрийн албаны зөвлөл богино түүхтэй хэдий ч үйл ажиллагаа нь тодорхой үр дүнд хүрчээ. Хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байгаад таатай байна” гэсэн бол Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ө.Батбаяр “Цахим уулзалт хийж байгаа хоёр байгууллагын хамтын ажиллагааны эхлэл сайн байна. Энэ уулзалт Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлогтой. Харилцан суралцах зүйлс их бий гэдэгт итгэлтэй байна, Элчин сайдын яам болон миний бие хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно” хэмээлээ.
“Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад өөрийн орны онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн олон улсын жишиг, хандлагыг харгалзан үзэх шаардлага бодит амьдралаас урган гарсаар байна.
Ижил үнэт зүйл, адил зорилго бүхий хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж буй “Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль”-ийн төслийг боловсруулах үйл явцад чухал ач холбогдолтой. Ёс зүйн асуудлыг төрийн албаны бүх түвшинд хуульчлан зохицуулахаар зорьж, төрийн албан хаагчийн зан үйл, цогц чадамжийн асуудалд онцгойлон анхаарч буй бидний ажил үйлсэд өнөөдрийн уулзалт бодитой үр дүнгээ өгнө” гэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцлов.
Ийнхүү хоёр орны төрийн албаны төв байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдаж, харилцаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаа солилцон ажиллахаар боллоо.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ