Төрийн албаны шинэтгэлийг судалгаанд суурилсан шинжлэх ухаанч арга зүйгээр системтэй, оновчтой, зөв хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл онцгой анхаарч, олон чиглэлээр суурь болон хавсарга, тойм судалгаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.
Төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой их өгөгдөл, мэдээллийн сан бүрдүүлж баяжуулах, Монгол Улсын Их Хурал, төрийн бусад байгууллага, албан хаагч, иргэдэд энэ талын мэдээллээр үйлчлэх хүрээнд холбогдох судалгааг Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зөвлөхүүд, эрдэмтэн, судлаачдаар хийлгэхийн зэрэгцээ өөрсдийн нөөц, бололцоог ашиглан гүйцэтгэж байна.
Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газраас 2021 онд хийсэн судалгааны ажлуудын дүнг Зөвлөлийн хуралдаанаар үе шаттай хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж байна.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн дараах 2 судалгааны дүнг мэдээлж байна.
Нэг. Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн судалгааг гаргалаа. Судалгаанд хамрагдсан төрийн 50 байгууллагад гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, техникийн туслалцаа, хөнгөлөлттэй зээл, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2021 онд 157 төсөл хэрэгжиж байна.
Энэ нь 2020 онтой харьцуулахад, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын тоо 25 хувиар, төсөл, хөтөлбөрийн тоо 24.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.
Эдгээр төсөл хөтөлбөрийн 46,5 хувь нь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, 22.9 хувь нь менежментийн чадавхыг сайжруулах, 19.1 хувь нь байгууллагын чадавхыг дээшлүүлэх, 5.1 хувь нь нутгийн өөрөө удирдах байгууллагын институтийн чадавхыг бэхжүүлэх, 3.2 хувь нь хүний эрхийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах, 1.3 хувь нь жендерийн эрх тэгш байдлыг хангах чадавхыг дээшлүүлэх, 0.9 хувь нь хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх, хууль зүйн туслалцаа үзүүлэх чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой байна.
Орон нутгийн төрийн байгууллагууд цахим засаглалыг хөгжүүлэх, инновацын төв байгуулах, мэргэжилтэй хүний нөөцийн хангалт, тогтвортой байдлыг сайжруулах, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр түлхүү хэрэгжүүлж байна.
Судалгааны дүнг хэлэлцээд, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй төрийн байгууллагууд, санхүүжүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, үр нөлөөг дээшлүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж чиглэл гаргах нь зүйтэй гэж тогтов.
Хоёр. Гадаадын их, дээд сургуульд суралцаж боловсролын зэрэг эзэмшсэн төрийн албан хаагчдын судалгааг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Судалгаанд 556 төрийн албан хаагч хамрагдсаны 12 хувь нь доктор, 51 хувь нь магистр, 27 хувь нь бакалавр, 10 хувь нь дипломын дээд боловсрол эзэмшжээ. Тэдгээрийн 70 хувь нь тэтгэлгээр, 4 хувь нь улсын төсвийн хөрөнгөөр, 20 хувь нь хувийн зардлаар, 6 хувь нь бусад санхүүжилтээр суралцаж төгсжээ.
Эдгээр албан хаагчийн 57 хувь нь эмэгтэй, 43 хувь эрэгтэй, 56 хувь нь төрийн захиргааны, 31 хувь нь төрийн тусгай, 13 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна. Байгууллагаар ангилан үзвэл, 22 хувь нь УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагад, 16 хувь нь төрийн захиргааны төв байгууллагад, 53 хувь нь төрийн захиргааны байгууллагад, 9 хувь нь аймаг, нийслэлийн төрийн байгууллагын албан хаагч байна.
Судалгаанд оролцогчдын 68 хувь нь ажилдаа эзэмшсэн мэдлэг, мэргэшлийн дагуу төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлөөр хангагдсан, 22 хувь нь хангагдаагүй хэмээн хариулсан байна.10 хувь нь хариулт өгөөгүй байна.
Энэ ажлын хүрээнд гадаадын их, дээд сургуульд боловсролын зэрэг эзэмшсэн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарын судалгааг мөн гаргасан.
Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын 50 хувь нь гадаадад суралцсаны 14.3% нь бакалавр, 71.4% нь магистр, 14.3% нь докторын зэрэг эзэмшжээ.
Төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж буй газар, хэлтсийн нийт 128 даргын 26.6 хувь нь ОХУ, 22.6 хувь нь АНУ, 13.28 хувь нь Австрали, 11.7 хувь нь Япон, 8.6 хувь нь БНХАУ, 6.25 хувь нь БНСУ болон Герман улсад, 4 хувь нь Их Британи, 0.78 хувь нь Франц улсад суралцаж боловсролын зэрэг эзэмшсэн байна.
Засгийн газрын агентлагийн дарга нарын 51.4 хувь буюу 19 нь гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөний 36.8 хувь нь бакалавр, 45.5 хувь нь магистр, 17.7 хувь нь докторын зэрэг хамгаалжээ.
Цаашид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдээр албан хаагчдыг гадаадад бэлтгэх, тэтгэлгээр суралцаж төгссөн албан хаагчдын ажил эрхлэлтийн талаар Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системд тусгайлсан бүртгэл хөтөлж, хяналт тавих, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах, хувийн зардлаар суралцаж төгссөн төрийн албан хаагчдын нэгдсэн судалгааг холбогдох төрийн байгууллагуудаар хөтлүүлэх нь зүйтэй гэж Зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.