Төрийн албаны зөвлөл нь "Төрийн албаны тухай хууль"-д заасны дагуу УИХ-д үйл ажиллагаа тайлагнадаг байгууллага билээ. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайланг сонсож хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийн, Салбар зөвлөлүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган чадавхжуулж, боловсон хүчнийг сонгон шалгаруулж томилуулах, төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулахын зэрэгцээ, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх явцад үүсэж буй бэрхшээлүүд болон цаашид хууль хоорондын зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлэв.
Энэ үеэр Төрийн албан хаагчдын 2014 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний статистик мэдээг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тайланг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд тайлантай холбогдох асуудлаар асуулт асууж, саналаа хэллээ. Тус хуралдаанаас Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, төрийн албаны шинэчлэлийг иж бүрнээр нь хийх санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулан Су.Батболд, С.Баярцогт, Л.Цог, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.