Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр /2019.01.17/ явагдаж, 17.30 цагт бүртгэлийг дуусгалаа. Сонгон шалгаруулалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулж байна. Сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулан ажиллуулж буй юм.
Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулсан юм.