Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах 47 дүрэм, журам бий. Тэдгээрийн боловсруулан батлуулах ажил ид өрнөж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.30/ Төрийн ордонд хуралдаж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс боловсруулан өргөн барьсан зарим журмуудыг хэлэлцэн дэмжив. “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт (тухайн албан тушаалын) өгөх болзол, журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
Дээрх гурван журмын төслийг Засгийн газрын гишүүд хэлэлцэж, дэмжсэн байна. Журмын төслийг Төрийн албаны зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцэж батлах юм.
“Төрийн жинхэнэ албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын төслийг хэлэлцэх үед дараах саналыг гаргалаа. Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурт харилцааны болон ёс зүйтэй холбоотой шаардлагыг нэмж тусгах, ач холбогдолгүй, шаардлагагүй материал бүрдүүлэх зэргээр иргэдэд хүндрэл үүсгэхгүй байх, шалгалт авах байр, бусад нөхцөлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хэлбэрээр бүрдүүлэх зэргийг нэмж тусгахаар болов.