ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРМЫН
ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг (цаашид “хувийн хэрэг” гэх) нь төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдсон бүртгэл, судалгаа, мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг мөн.
1.2. Хувийн хэрэг нь төрийн албан хаагчийн талаарх болон түүний боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын үр дүн, шагнал урамшуулал, бүтээл туурвил, ажлын туршлагатай холбоотой мэдээллийг агуулсан, төрийн албаны хүний нөөцийн удирдлагын судалгаа, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг байна.
1.3. Хувийн хэргийг төрийн албан хаагчийн зан төлөв, авьяас, онцлог чадвар, ажил гүйцэтгэх хандлага, чадавхыг тодорхойлох, ажилд томилох, албан тушаал дэвшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэхэд мэдээлэл, лавлагааны эх сурвалж болгон ашиглана.
1.4. Төрийн албанд анх шинээр орсон өдрөөс төрийн албан хаагчид хувийн хэрэг нээж хөтөлнө.
1.5. Төрийн албан хаагч бүрд зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө. Хувийн хэргийг тухайн албан хаагчийн ажиллаж буй байгууллагад хадгална.
1.6. Хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагаанд Төрийн албаны тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Хувийн хэргийн бүрдэл
2.1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг нь дараах баримт бичгээс бүрдэнэ:
2.1.1. Албан тушаалын тодорхойлолт
2.1.1.1. Албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг бүрэн тусган боловсруулж, төрийн албаны төв байгууллагаар хянуулж зөвшөөрөл авч баталсан байна.
2.1.1.2.Албан тушаалын тодорхойлолтыг шинээр томилогдож буй албан хаагчид заавал танилцуулна.
2.1.2. Төрийн албан хаагчийн анкет
2.1.2.1. Төрийн албан хаагчийн анкетыг “Анкет бичих санамж”-ийг ашиглаж бүрэн, үнэн зөв бичнэ. Анкетын маягтыг төрийн албаны төв байгууллага батална.
2.1.2.2. Төрийн албан хаагчийн анкет (цаашид “анкет” гэх)-ад хувийн мэдээлэл, ажил төрлийн мэдлэг, авьяас, онцлог чадварын талаар үнэн зөв оруулж компьютероор, эсвэл гараар бичиж, сүүлийн хуудсанд гарын үсгээр баталгаажуулж, он, сар, өдрийг тэмдэглэнэ.
2.1.2.3. Анкетад байгууллага, албан тушаалын нэрийг товчлохгүй, бүтэн бичнэ.
2.1.2.4. Анкетад 3Х4 хэмжээтэй, эгц харсан, албаны хувцастай, малгайгүй авхуулсан цээж зургаа наана.
2.1.2.5. Анкетад нэмэлт бичилт хийх боломжгүй тохиолдолд тухайн хэсгийг шинээр бичиж анкетад хавсаргана.
2.1.3. Хувь хүний намтар
2.1.3.1. Гурван үеийн намтраа “Хувь хүний намтар бичих санамж”-ийн дагуу үнэн зөв бичнэ.
2.1.3.2. Намтрыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр компьютероор, эсвэл гараар бичиж, гарын үсгээр баталгаажуулан он, сар, өдрийг тэмдэглэнэ.
2.1.4. Бүтээлийн жагсаалт
2.1.4.1. Бүтээлийн жагсаалтад тухайн төрийн албан хаагчийн туурвиж нийтлүүлсэн ном, зохиол, судалгаа шинжилгээний өгүүлэл, илтгэл, өөрөө санаачлан болон биечлэн оролцож боловсруулж батлуулсан бодлогын баримт бичиг, нийтээр дагаж мөрдөх хууль эрх зүйн акт болон зохих журмын дагуу баталгаажсан шинэ бүтээл, оновчтой санал зэргийг оруулна.
2.1.4.2. Бүтээлийн жагсаалтыг он цагийн дарааллаар жагсааж бичнэ.
2.1.5. Ажил байдлын тодорхойлолт
2.1.5.1. Тухайн албан хаагчийг шинэ албан тушаалд томилох, албан тушаал дэвшүүлэх, шагналд нэр дэвшүүлэх, төрийн албаны сонгон шалгаруулалтад орох болон бусад шаардлагатай (ажлаас чөлөөлөх, халах гэх мэт) тохиолдолд ажил байдлын тодорхойлолтыг бичиж өгнө.
2.1.5.2. Ажил байдлын тодорхойлолтод тухайн төрийн албан хаагчийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, ажилд хандах хандлага, зан төлөв, авьяас, онцлог ур чадвар, ажлын үр дүн, бүтээл туурвил, давуу, сул талыг агуулсан мэдээллийг жишээ, баримтад тулгуурлан үнэн, зөв бичнэ.
2.1.5.3. Төрийн албан хаагчийн ажил байдлын тодорхойлолтыг түүнийг шууд удирдан ажиллаж байгаа албан тушаалтан бичиж, албан хаагчид танилцуулж гарын үсэг зурсны дараа томилох эрх бүхий албан тушаалтан хянаж гарын үсэг зурж тамгаар баталгаажуулна.
2.1.5.4.Сурагчийн болон төрийн албан хаагчийн хувийн хэргийг сайтар судалж, шаардлагатай бол өмнөх ажил олгогч, анги удирдсан багш, сайн таньж мэдэх хүмүүс, хамт суралцагсад, ажиллагсдаас лавлагаа тодруулга авч ажил байдлын тодорхойлолтыг үнэн зөв, бодитой бичвэл зохино.
2.1.5.5. Төрийн албан хаагч ажил байдлын тодорхойлолтод бичсэн зүйлтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбараа бичиж, тодорхойлолтод хавсарган хувийн хэрэгтээ хадгалуулж болно.
2.1.5.6. Ажил байдлын тодорхойлолтыг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр албан хэрэг хөтлөлтийн журам, стандартад нийцүүлэн товч, тодорхой бичнэ.
2.1.6. Төрийн жинхэнэ албанд томилогдох болзол хангасныг нотлох баримт бичиг
2.1.6.1. Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн тухай баримт
2.1.6.2. Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй эсэх талаарх баримт
2.1.6.3. Төрийн албаны тусгай (тухайн албан тушаалын) шалгалтын дүнгээр нэр дэвшүүлсэн тухай баримт
2.1.6.4.”Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг”-ийн хуудас.
2.1.7. Боловсролын баримт бичиг;
2.1.7.1. Суурь боловсролын гэрчилгээний хуулбар;
2.1.7.2.Дээд, бакалаврын боловсролын дипломын хуулбар;
2.1.7.3.Магистр, докторын дипломын хуулбар;
2.1.7.4.Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар;
2.1.7.5.Хууль тогтоомжид заасан боловсрол, мэргэжил, мэргэшлийн бусад баримт бичиг.
2.1.8. Бусад баримт материал
2.1.8.1. иргэний үнэмлэхийн хуулбар;
2.1.8.2.хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл цахим лавлагаа;
2.1.8.3.цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар (1990.06.03-ны өдрөөс хойш төрсөн эрэгтэй);
2.1.8.4.магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас;
2.1.8.5.хуульд заасан журмын дагуу гаргасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ) - ийн талаарх Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг албан хаагч тус бүрээр;
2.1.8.6.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаарх цагдаагийн байгууллагын тодорхой, лавлагаа;
2.1.8.7.ажил хүлээлцсэн акт;
2.1.8.8.тооцооны (тойрох) хуудас;
2.1.8.9.төрийн албанд орох, шилжих, дэвших, суралцах, нийгмийн баталгааг хангуулах, ёс зүй, сахилга хариуцлагын зөрчлийг хянан шийдвэрлэх, төрийн албанаас чөлөөлөгдөх болон халагдсан зэрэг асуудлаар төрийн албан хаагчаас гаргасан санал, өргөдөл, хүсэлт, тайлбарын хуулбар;
2.1.8.10.орон сууцны нөхцөлөө сайжруулахад төрөөс дэмжлэг авсан талаарх судалгаа;
2.1.8.11.тухайн албан хаагчид хамаарах хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийн хуулбар. (албан тушаалд томилсон, албан тушаалаас бууруулсан, чөлөөлсөн, халсан, шагнал урамшуулал, зэрэг дэв, тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж, нөхөх олговор олгосон, төрийн хөрөнгөөр сургасан, эмчилгээ сувилгаанд хамруулсан, ёс зүйн болон сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар)
2.1.9. Цээж зураг
2.1.9.1. Төрийн албан хаагчийн анкетад нааснаас гадна тухайн албан тушаалд томилогдох үеийн 3Х4 хэмжээтэй 2 хувь цээж зургийг тухай бүр хувийн хэрэгт хадгалуулна.
2.1.10. Гүйцэтгэлийн үнэлгээний хуудас
2.1.10.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшний үнэлгээний хуудас;
2.1.10.2. Төрийн албаны бусад ангиллын албан хаагчийн хөдөлмөрийн гэрээ болон жилийн үйл ажиллагааны үнэлгээний хуудас.
2.1.11. Албан тушаалын карт
2.1.11.1. Албан тушаалын тодорхойлолт бүхий албан тушаал бүрд албан тушаалын карт нээнэ.
2.1.11.2.Албан тушаалын картыг маягтын дагуу бичиж хувийн хэрэгт оруулах ажлыг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан хариуцна.
2.1.12. Хувийн хэргийн бүрдлийн товьёг
2.1.12.1. Энэхүү журмын 2.1.1-2.1.14-д заасан хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн товьёгийг үйлдэж хувийн хэргийн эхний хуудсанд байршуулна.
2.1.12.2. Товьёгийг хувийн хэргийн бүрдлийг хянах хэрэгсэл болгон ашиглана.
2.1.13. Сурагчийн хувийн хэрэг
2.1.13.1. Сурагчийн хувийн хэргийг ажилд анх томилох, албан тушаал дэвшүүлэх, зан төлөв, авьяас чадварыг судлах, шагналд нэр дэвшүүлэх зэрэгт анхдагч эх сурвалж болгон ашиглаж болно.
2.1.14. Төрийн албан хаагчийн танилцуулга
2.1.14.1. Төрийн албан хаагчийн танилцуулгыг төрийн алба, албан тушаалд томилох, дэвшүүлэхэд ашиглана.
2.1.14.2. Танилцуулгын маягтыг төрийн албаны төв байгууллага батална.
Гурав. Хувийн хэрэг хөтлөлтийн талаар төрийн албан хаагчийн хүлээх үүрэг
3.1. Төрийн албанд анх томилогдмогц өөрийн хувийн хэргийг энэ журмын дагуу 7 хоногийн дотор даруй бүрдүүлж байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд хүлээлгэн өгнө.
3.2. Хувийн хэрэг дэх анх бүрдүүлсэн болон нэмэлт баяжилт хийсэн мэдээлэл, баримтын үнэн зөвийг хариуцна.
3.3. Өөрийн анкетад оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрд байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд мэдэгдэж, хувийн хэрэгтээ нэмэлт, баяжилт хийлгэнэ.
3.4.Өөрт холбоотой асуудлаар байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрийг төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ээс тухай бүр хэвлэж хувийн хэрэгтээ оруулна.
3.5.Хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах талаар байгууллага, хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтнаас тавьсан үүрэг даалгавар, шаардлагыг даруй, бүрэн биелүүлнэ.
3.6.Хувийн хэрэг, түүний бүрдүүлэлт, баяжилт, хадгалалт, хамгаалалттай танилцах, хувийн хэрэгт нэмэлт, баяжилт хийх, материал хуулбарлаж авах, нэмж оруулах, хасуулах талаар санал хүсэлт гаргаж болно.
3.7.Компьютертоо хадгалж байгаа өөрийн хувийн хэрэгт хамаарах мэдээллийн нууцлалыг хариуцан хамгаална.
3.8.Өөр байгууллагад шилжсэн, сэлгэн ажилласан тохиолдолд томилогдсон байгууллагад хувийн хэргийг шилжүүлэн өгсөн, хүлээж авсан эсэхэд хяналт тавина.
Дөрөв. Хувийн хэрэг хөтлөлтийн талаар хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, ажилтны хүлээх үүрэг
4.1. Төрийн албанд анх томилогдсон албан хаагчид хувийн хэрэг нээж бүрдүүлэх талаар зөвлөн тусалж, хувийн хэргийн бүрдлийг хангуулан хүлээн авах ажлыг зохион байгуулна.
4.2. Цахим системд оруулах төрийн албан хаагчийн мэдээлэл нь түүний хувийн хэргийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байна. Хувийн хэргийн мэдээллийг цахим системд оруулахдаа албан хаагчид танилцуулж, хянуулсан байна.
4.3. Төрийн албанд анх томилогдсон, шинэ албан тушаалд сэлгэсэн, шилжин ажилласан албан хаагчийн мэдээллийг томилогдсоноос хойш ажлын 5 хоног, хувийн хэрэгт баяжилт хийгдсэн тохиолдолд ажлын 10 хоногийн дотор цахим системд оруулна.
4.4. Байгууллагын албан хаагчдын хувийн хэргийг бүтцийн нэгж, албан тушаалын ангилал, дараалалд оруулж, албан хаагч тус бүрээр хавтас үүсгэн ажлын байранд, цоожтой, битүү шүүгээ, саванд эмх цэгцтэй хадгалж, нууцлалыг хамгаална.
4.5. Энэхүү журмын 2.1.1-2.1.14-д заасан бүрдлийн дагуу албан хаагч тус бүрээр хувийн хэргийн товьёг үйлдэж, хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжилтад хяналт тавина.
4.6.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг дэх баримт бичиг, мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдол бүрд холбогдох нотолгоог үндэслэн баяжилт, өөрчлөлт хийж, энэ талаар товьёгийн холбогдох хэсэгт тэмдэглэнэ.
4.7.Байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, төрийн албан хаагч шилжих, сэлгэн ажиллах, дэвшин томилогдох, чөлөөлөгдөх, халагдах болон бусад шаардлагатай тохиолдол бүрд хувийн хэргийн баяжилт хийнэ.
4.8.Төрийн албанд анх томилох, албан тушаал дэвшүүлэхэд хэрэглэх албан хаагчийн танилцуулгыг бэлтгэнэ.
4.9.Төрийн албан хаагчийн хүсэлтээр хувийн хэрэгтэй нь танилцуулж, энэ талаар тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна.
4.10. Албан хаагч хувийн хэргээсээ материал хуулбарлах, солих, нэмж хийх, хасуулах болон эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн хувийн хэрэгтэй танилцах зөвшөөрлийг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга олгоно.
4.11. Албан хаагчийн хувийн хэрэгт ач холбогдолгүй болсон гэж үзсэн баримт бичгийг хувийн хэргээс устгах шаардлага гарвал хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан нэгжийн даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн төрийн албан хаагчийг оролцуулан хамт олны төлөөлөл байлцуулан акт үйлдэж устгана.
4.12. Байгууллагад хандаж гаргасан төрийн албан хаагчийн өргөдөл, хүсэлт, тайлбар зэргийг хувийн хэрэгт хадгалж болно.
4.13. Хувийн хэргийг хэнд, хэзээ, хэний зөвшөөрлөөр танилцуулсан, хувийн хэргээс хэнд, ямар баримтыг хуулбарлаж өгсөн, сольсон, нэмж оруулсан, устгасан талаар хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан тухай бүр тэмдэглэл хөтөлнө.
4.14. Өөр байгууллагад шилжин болон сэлгэн томилогдсон албан хаагчийн ажлыг хүлээлцүүлж тооцоо дууссаны дараа түүний хувийн хэргийг албан бичгээр тухайн байгууллагад шилжүүлнэ. Хуулиар бүтэц, орон тоог төрийн нууцад хамааруулсан байгууллагын албан хаагчийн хувийн хэргийг шилжүүлэхэд энэ заалт хамаарахгүй.
4.16.Төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан хаагчийн хувийн хэргийг хааж, байгууллагын архивд шилжүүлнэ.
Тав. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөлтийн талаар байгууллагын даргын хүлээх үүрэг
5.1.Хувийн хэргийг зохих журмын дагуу хөтлөх, хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.2.Хувийн хэргийн цаасан болон цахим бүрдүүлэлт, баяжуулалт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавина.
5.3.Хувийн хэрэгт 4 жил тутам үзлэг шалгалт зохион байгуулна.
5.4.Хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд хувийн хэргийг нэр бүрчлэн хүлээлцүүлнэ.
Зургаа. Бусад асуудал
6.1. Хувийн хэрэгт байгаа мэдээллийг улс төр, шашны болон албаны бус зориулалтаар ашиглахыг хориглоно.
6.2. Хувийн хэргээс зохих зөвшөөрөлгүй материал хуулбарлах, нэмж оруулах, сольж хийх, устгах, мэдээлэл задруулах, хувийн хэргийг авч гарах, бусдад дамжуулах, өөр байгууллага, иргэнд шилжүүлэх, үрэгдүүлэхийг хориглоно.
6.3.Төрийн албан хаагчийн хувийн хэрэгтэй танилцсан албан тушаалтан түүний нууцыг задруулахыг хориглоно.
6.4.Энэ журмыг зөрчсөн нь түүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулах үндэслэл болно.
- - - о О о - - -
Төслийг хавсралтуудын хамт татаж авах
Төрийн албаны зөвлөл, ССМНСГ
Холбоо барих утас: 51-265042
Санал хүлээн авах и-майл хаяг: sanjragchaa@csc.gov.mn