Төсөл
2021.06.18
ТӨРИЙН АЛБАНЫ ОЛОН НИЙТИЙН
ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмийн зорилт нь Төрийн албаны тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан Олон нийтийн хяналтын зөвлөл (цаашид “Хяналтын зөвлөл” гэх)-ийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх болон тус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд тавих олон нийтийн хяналтыг (цаашид “хяналт” гэх) Хяналтын зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
1.3.Хяналтын зөвлөл нь орон тооны бусаар ажиллах бөгөөд Төрийн албаны зөвлөлийг хяналтын чиглэлийн бодит мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.
1.4.Хяналтын зөвлөл нь хяналт тавих чиг үүргээ судалгаа, үнэлгээний арга хэлбэрээр явуулна.
1.5.Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
1.5.1.улс төрийн болон бусад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.5.2.шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх;
1.5.3.хяналт үнэлгээ нь ил тод, үндэслэл бүхий байх;
1.5.4.хяналт үнэлгээг хараат бусаар явуулах;
1.5.5.үнэлгээ, дүгнэлт нь судалгааны үр дүнд суурилсан, бодит байдалд нийцсэн байх;
1.5.6.олон нийтийн оролцоог хангах;
1.5.7.хяналтын зорилго, зорилт зөвхөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулахад чиглэгдсэн байх.
1.6.Энэ дүрэмд заасан дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно:
1.6.1.“Төрийн үйлчилгээ” гэж төрийн байгууллага, албан хаагч чиг үүргийнхээ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж буй үйлчилгээг;
1.6.2.“төрийн үйлчилгээний чанар” гэж төрийн байгууллага, албан хаагчийн үзүүлэх үйлчилгээ хууль тогтоомжид заасан чанарын шаардлага, стандартад нийцэхтэй холбогдох нөхцөл байдлыг;
1.6.3.“төрийн үйлчилгээний хүртээмж” гэж төрийн байгууллага, албан хаагч үзүүлэх үйлчилгээгээ бүх хэрэглэгч, зорилтот бүлэгт тэгш, жигд хүргэхтэй холбогдох нөхцөл байдлыг;
1.6.4.“төрийн үйлчилгээний үр нөлөө” гэж төрийн байгууллага, албан хаагч үйлчилгээ үзүүлэхдээ зорилгыг нь хангахтай холбогдох нөхцөл байдал болон тухайн үйлчилгээний талаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг.
1.7.Хяналтад яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын Тамгын газар болон Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын үйл ажиллагааг хамруулна.
1.8.Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн бусад байгууллагаас үзүүлж буй үйлчилгээнд хяналт хийж болно.
Хоёр. Хяналтын зөвлөлийн чиг үүрэг
2.1.Хяналтын зөвлөл нь хяналтын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.төрийн үйлчилгээнд тавих хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, стандарт, эрх зүйн орчныг сайжруулах талаар төсөл боловсруулж санал болгох;
2.1.2.төрийн байгууллагын үйлчилгээнд (чанар, хүртээмж, үр нөлөөнд) хөндлөнгийн судалгаа, үнэлгээ хийх аргачлал, арга зүйн зөвлөмж боловсруулан батлуулж хэрэгжүүлэх;
2.1.3.төрийн албаны холбогдох байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хөндлөнгийн судалгаа хийж, үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах;
2.1.4.хяналтын мөрөөр авах арга хэмжээний санал, зөвлөмжийг агуулсан явцын тайланг Төрийн албаны зөвлөлд улирал бүрийн эхний 7 хоногт ирүүлж танилцуулах;
2.1.5.хяналт үнэлгээний нэгдсэн тайланг бэлтгэж, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн хамт Төрийн албаны зөвлөлд танилцуулах;
2.1.6.хяналт үнэлгээний үр дүнгийн талаар Төрийн албаны зөвлөлөөс олон нийтэд мэдээлэх арга хэмжээнд хамтран оролцох;
2.1.7.тайланд тусгасан санал, зөвлөмж, энэ талаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд хамтран оролцох;
2.1.8.төрийн үйлчилгээний талаар судалгаа, үнэлгээ хийх арга зүй, туршлага судлах, нэвтрүүлэх чиглэлээр төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
Гурав. Хяналтын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
3.1.Хяналтын зөвлөл нь орон тооны бус 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Гишүүнийг 1 жилийн хугацаагаар томилох бөгөөд улируулан томилж болно.
3.2.Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооноос тус бүр 1 төлөөлөл, бусад 4 гишүүн олон нийтийн төлөөлөл байна.
3.3.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.4.Хуралдаан ээлжит болон ээлжит бус байна. Ээлжит хуралдааныг сар тутам зохион байгуулна. Ажлын шаардлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхын саналыг үндэслэн Хяналтын зөвлөлийн дарга ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хуралдааныг цахимаар хийж болно.
3.5.Хуралдаанаар энэхүү дүрэмд заасан Хяналтын зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудал болон Төрийн албаны зөвлөлөөс чиглэл болгосон асуудлыг хэлэлцэнэ.
3.6.Хяналтын зөвлөлийн нийт гишүүдийн олонх оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.7.Хуралдааны дэгийг хууль, журамд заасан нийтлэг зохицуулалтын дагуу боловсруулж хуралдаанаараа хэлэлцэн батална.
3.8.Хяналтын зөвлөлийн даргыг сонгох хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргалах эрэмбийг баримтална.
3.9.Хяналтын зөвлөлийн гишүүд Хяналтын зөвлөлийн даргад дотроосоо нэр дэвшүүлэн саналаа нууцаар хурааж, олонхын санал авсан гишүүнийг сонгоно. Гишүүн бүр даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх тэгш эрхтэй байна.
3.10.Хяналтын зөвлөлийн дарга нь дараагийн дарга томилогдох хүртэл чиг үүргээ хэрэгжүүлнэ. Томилгооны хугацаа дууссан болон чөлөөлөгдсөн, бусад шалтгаанаар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол даргыг энэ журамд заасны дагуу сонгоно.
3.11. Хяналтын зөвлөлийн даргын түр эзгүйд түүний албан үүргийг орлон гүйцэтгэхэд энэхүү дүрмийн 3.9 дэх заалтыг баримтална.
3.12.Хяналтын зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
3.12.1.Хяналтын зөвлөлийн даргыг сонгох болон дарга, гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх санал;
3.12.2.гишүүдийн ажил үүргийн хуваарь;
3.12.3.хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, стандарт, төрийн үйлчилгээнд хяналт хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, түүнд оруулах өөрчлөлт;
3.12.4.Төрийн албаны зөвлөлд танилцуулах асуудал;
3.12.5. хяналт үнэлгээний сэдэв, чиглэл;
3.12.6. хяналт үнэлгээний судалгааны арга зүй, аргачлал;
3.12.7.төрийн байгууллагын үйлчилгээнд хийсэн судалгаа, үнэлгээний тайлан, дүгнэлт, санал, зөвлөмж;
3.12.8.Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон болон чиг үүргийн хүрээний бусад асуудал;
3.12.9.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны жил, улирлын төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүн;
3.12.10.энэ дүрэмд өөрчлөлт оруулах санал.
3.13.Хяналтын зөвлөлийн шийдвэрийг олонхын саналаар гаргах ба шийдвэрийг хуралдааны тэмдэглэлээр албажуулна. Хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Хуралдаанд оролцсон гишүүд тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж болно.
3.14.Хяналтын зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх зорилгоор гишүүдийг хэсгийн зохион байгуулалтаар ажиллуулж болно.
3.15.Хяналтын зөвлөлийн төлөвлөгөөнд заасан судалгааны ажлыг багийн зохион байгуулалтаар гүйцэтгэх бөгөөд ахлагч, гишүүнийг хяналтын зөвлөлийн дарга томилно. Шаардлагатай бол тухайн чиглэлээр мэргэшсэн зөвлөх, судлаач, шинжээч, судалгааны байгууллагыг гэрээний үндсэн дээр судалгаанд оролцуулж болно.
3.16.Хяналтын зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ судалгааны хэсэг байгуулан ажиллуулж болно.
3.17.Хяналтын зөвлөлийн ажиллах нөхцөлийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба (цаашид “Ажлын алба” гэх) хангана.
3.18.Хяналтын зөвлөлийн нарийн бичгийн даргын (цаашид “нарийн бичгийн дарга” гэх) үүргийг Ажлын албаны албан хаагч чиг үүргийн дагуу гүйцэтгэнэ. Нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй байна
Дөрөв. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний эрх хэмжээ
4.1.Хяналтын зөвлөлийн дарга нь энэ дүрмийн 4.2.1, 4.2.2, 4.2.4-4.2.7-д зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
4.1.2.дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах;
4.1.3.хуралдааны тов тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах, хуралдааныг даргалах;
4.1.4.Хяналтын зөвлөлийн хүсэлт, шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.5.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг төсөвлөн батлуулах, төсөв, санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;
4.1.6.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа болон зардлын зарцуулалтыг тус зөвлөлийн хуралдаанд улирал тутам танилцуулах, Төрийн албаны зөвлөлд зохих журмын дагуу тайлагнах;
4.2.Хяналтын зөвлөлийн гишүүн нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.энэ дүрэмд заасан чиг үүрэг болон ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажил үүргийг хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах;
4.2.2.Хяналтын зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд тогтмол оролцох, санал боловсруулж хэлэлцүүлэх, санал гаргах;
4.2.3.Хяналтын зөвлөлийн даргын эзгүйд түүний албан ёсоор даалгасны дагуу үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх;
4.2.4.Хяналтын зөвлөлийн хуралдааны дэгийг сахих;
4.2.5.төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хийсэн судалгаа, үнэлгээний үр дүнг тухайн байгууллагад урьдчилсан байдлаар танилцуулах;
4.2.6.хийсэн судалгаа, үнэлгээнийхээ үр дүнгийн бодит байдлыг хариуцах;
4.2.7.чиг үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх.
4.3.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь нийтийн албан тушаалтны нэгэн адил үүрэг хүлээнэ.
4.4.Хяналтын зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны тайлан, мэдээллийг тогтмол байршуулах цэстэй байна.
4.5.Хяналтын зөвлөл бусад байгууллага, иргэнтэй Төрийн албаны зөвлөлийн энэ асуудлыг эрхэлсэн гишүүнээр дамжуулан харилцах ба Төрийн албаны зөвлөлийн хэвлэмэл, хуудас, тэмдэг хэрэглэнэ. Энэ үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн албан хэрэг хөтлөлтийн журмыг мөрдлөг болгоно.
4.6.Нарийн бичгийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.6.1.Хяналтын зөвлөлийн хуралдаан болон бусад арга хэмжээний зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах;
4.6.2.Хяналтын зөвлөлийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, журам, стандартын дагуу хариуцан явуулах;
4.6.3.Хяналтын зөвлөлийн баримт бичгийг архивын нэгж болгон хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн архивын эрхлэгчид зохих журмын дагуу хүлээлгэж өгөх;
4.6.4.Хяналтын зөвлөлийн мэдээллийг бэлтгэж, Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах зэрэг ажлыг хариуцна.
Тав. Бусад байгууллага, иргэдтэй харилцах
5.1.Хяналтын зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бусад байгууллага, иргэдтэй дараах журмаар харилцана:
5.1.1.энэ дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, хэлэлцүүлэг зохион байгуулах;
5.1.2.судалгааны хэсгүүд зохион байгуулсан бол тэдгээрийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;
5.1.3.чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын холбогдох баримт мэдээлэлтэй танилцах, иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагаас санал, асуулга авах;
5.1.4.үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцох, уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулах;
5.1.5.Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрснөөр чиг үүргийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
Зургаа. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны нөхцөл
6.1.Хяналтын зөвлөлийн гишүүн нь хяналтын судалгааны зорилгоор төрийн байгууллагын нууцад үл хамаарах мэдээлэл, судалгаатай танилцах эрхтэй.
6.2. Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд оролцооны урамшуулал, хяналтын судалгаа хийхэд гэрээний дагуу оролцуулсан иргэн, байгууллагад ажлын хөлс олгож болно. Урамшуулал, ажлын хөслний хэмжээг Төрийн албаны зөвлөл тогтооно.
6.3 Урамшууллын хэмжээг хяналтын зөвлөлийн ажилд оролцсон байдал, ёс зүй, ажлын үр дүнг харгалзан Хяналтын зөвлөлийн даргын саналыг үндэслэн олгоно.
6.4.Хяналтын судалгаанд оролцуулсан иргэн, байгууллагын ажлын хөлсийг гэрээний биелэлт, ажлын гүйцэтгэлийг үндэслэн Төрийн албаны зөвлөл олгоно.
6.5.Төрийн албаны зөвлөл Хяналтын зөвлөлийг ажиллах байр, хуралдааны танхим болон шаардлагатай бусад техник тоног төхөөрөмж, мэдээллээр хангах ба Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зардал, дарга, гишүүдэд олгох урамшуулал болон бусад хөлс, төлбөрийг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг хариуцна.
Долоо. Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах,
томилох, чөлөөлөх
7.1.Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шалгуурыг хангасан байна:
Дээд боловсролтой, хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийх талаар хангалттай чадвар, туршлагатай, төрийн албаны үйл ажиллагааны талаар суурь мэдлэгтэй, төрийн албан хаагчаар ажилладаггүй, улс төрийн аль нэг намын байгууллагын гишүүнчлэлгүй, ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл байх.
7.2.Ажлын алба нь Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх мэдэгдлийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоонд тухай бүр хүргүүлэх бөгөөд эдгээр байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулах ажиллагаа 2 үе шаттай байна.
7.2.1.сонгон шалгаруулалтын эхний шатанд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо энэ дүрмийн 7.1-д заасан шалгуурыг хангасан тус бүр 3 хүнийг нэр дэвшүүлж Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ;
7.2.2.Ажлын алба 2 дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, байгууллага тус бүрээс зөвхөн 1 хүнийг нэр дэвшүүлнэ;
7.2.3.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооноос мэдэгдлийг хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нэр дэвшүүлээгүй бол тухайн орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна.
7.3.Хяналтын зөвлөлийн бусад 4 гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын зарыг Ажлын алба сонгон шалгаруулах ажиллагаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ. Зарыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байршуулна.
7.4.Сонгон шалгаруулалтыг Ажлын албаны даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг зохион байгуулж, дүнг Төрийн албаны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн бусад байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг зөвшилцөн оролцуулж болно.
7.5.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын зорилго, нэр дэвшигчийн бүрдүүлэх мэдээлэл, баримтуудын жагсаалтыг зар болон нэр дэвшүүлэх мэдэгдэлд тодорхой зааж тусгана. Хяналтын зөвлөлийн гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байх бодлогыг баримтлах ба энэ тухай зар болон мэдэгдэлд урьдчилан тусгаж танилцуулсан байна.
7.6.Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор нэрээ бүртгүүлсэн хүмүүсийн хүрээнд явуулна. Хүйсийн тэнцвэртэй байх бодлогыг баримтлах асуудал бүртгүүлсэн хүмүүсийн хүйсийн байдлаас хамаарна.
7.7.Энэ дүрмийн 7.1-д заасан шалгуур тус бүрд 0-10 хүртэл оноо өгч, нийлбэр онооны дунджийг баримтлан байр эзлүүлж дүгнэнэ. Нийлбэр онооны 60 хувийг босго оноо гэж үзнэ. Шалгуур хангасан байдлыг ярилцлага хийх, даалгавар гүйцэтгүүлэх хэлбэрээр дүгнэж болно.
7.8.Нэг, түүнээс тооны хүн бүртгүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцох ба 4 гишүүнийг сонгогдох хүртэл сонгон шалгаруулалтыг явуулна.
7.9.Ажлын хэсэг хамгийн өндөр оноо авсан 4 хүнийг Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж Төрийн албаны зөвлөлд танилцуулна.
7.10.Төрийн албаны зөвлөл нь Сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс танилцуулсан нэр дэвшигчийг томилохоос энэ журамд заасан шалгуурыг үндэслэн татгалзаж болно. Энэ тохиолдолд онооны дарааллын дагуу дараагийн хүнийг нэр дэвшүүлж шийдвэрлүүлнэ.
7.11.Төрийн албаны зөвлөл хяналтын зөвлөлийг байгуулах болон гишүүнийг томилох тухай тогтоол гаргана.
7.12.Хяналтын зөвлөлийн гишүүн эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж энэ журмын дагуу сонгон шалгаруулалт явуулна. Нөхөн томилогдсон гишүүний хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна.
Найм. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа
8.1.Хяналтын зөвлөл нь энэ дүрэмд заасан хяналт тавих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн 1 дүгээр сарын 20-ны дотор Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
8.2.Батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан байгууллага, салбар, эсхүл үйлчилгээний төрлөөр судалгаа, үнэлгээ хийх ажлыг удирдамж гарган гүйцэтгэнэ.
8.3.Хяналтын судалгааг дараах үндсэн аргаар явуулна:
8.3.1.төрийн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, эрх зүйн актууд, стандартуудыг судлах;
8.3.2.төлөвлөсөн судалгааг урьдчилан баталсан удирдамж, арга зүйн дагуу явуулах;
8.3.3.олон нийтийн санаа бодлыг илэрхийлсэн судалгаа, баримт, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх;
8.3.4.олон нийтийн хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах;
8.3.5.хэрэглэгчдийн үнэлгээг зохион байгуулах;
8.3.6.төрийн үйлчилгээний үйл явцад ажиглалт хийх, үйлчилгээ үзүүлж буй орчин, нөхцөлтэй танилцах;
8.3.7.хэрэглэгчдийн оролцоотойгоор туршилт хийх.
8.4.Энэ дүрмийн 8.3-т заасан үндсэн аргуудаас гадна, хяналтын үнэлгээний бодит байдлын магадлалыг нэмэгдүүлэхэд шаардлагатай гэж үзвэл судалгааны бусад арга, аргачлалуудыг ашиглаж болно.
8.5.Хяналт үнэлгээг тодорхой асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах зорилгоор хийхийг хориглоно.
8.6.Хяналтын зөвлөл нь хяналтын үр дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэр гаргахаас өмнө олон нийтэд урьдчилан мэдээлэхгүй байх үүрэгтэй.
8.7.Хяналтын зөвлөл, түүний гишүүн нь төрийн байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, нотлогдоогүй мэдээ, мэдээлэл тараах, хувийн байр сууриа илэрхийлэхийг хориглоно.
8.8. Энэхүү дүрмээр тогтоосон чиг үүргээс өөр үйл ажиллагаа явуулах, ажил үүргээ урвуулан ашиглахыг хориглоно.
Ёс. Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
9.1.Хяналтын зөвлөл нь үйл ажиллагааны нэгдсэн тайлан болон санхүүгийн тайланг жилд 2 удаа Төсвийн тухай болон холбогдох бусад хууль, журмын дагуу гаргаж, Төрийн албаны зөвлөлд бичгээр ирүүлж танилцуулна.
9.2.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй байна.
Арав. Хяналтын зөвлөлийн хяналт, хариуцлага
10.1.Төрийн албаны зөвлөлийн Сургалт судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн газар /цаашид “ССМНСГ” гэх/ Хяналтын зөвлөлийн хяналт үнэлгээний хараат бус байдлыг алдагдуулахгүйгээр үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт тавьж, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.
10.2.Хяналтын зөвлөл, эсхүл ССМНСГ-ын саналыг үндэслэн энэхүү дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.3.Хяналтын зөвлөлийн гишүүн энэхүү дүрэмд харшилсан үйл ажиллагаа явуулсан, эсхүл үйл ажиллагааны үр дүн нь хангалтгүй гэж Төрийн албаны зөвлөл үзвэл тухайн гишүүний асуудлыг хэлэлцүүлэхээр Хяналтын зөвлөлд мэдэгдэл хүргүүлнэ.
10.4.Энэ журмын 10.3-т заасан мэдэгдлийг ажлын 3 өдрийн дотор Хяналтын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тухайн гишүүнийг Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлүүлэх эсэх саналыг ирүүлнэ. Тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол ССМНСГ энэ асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
10.5.Төрийн албаны тухай хууль болон энэ дүрэмд заасан чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чиг үүргийн бус үйл ажиллагаа явуулсан, эсхүл чиг үүргээ урвуулан ашигласан гэж үзвэл ССМНСГ-ын саналыг үндэслэн Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чөлөөлөх асуудлыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.6.Энэ дүрэмд заасан үндэслэлээр гишүүнийг чөлөөлсөн бол нөхөн томилохтой холбоотой сонгон шалгаруулалтыг энэ дүрмийн 7-д заасан журмаар зохион байгуулна.
10.7.Төрийн албаны зөвлөл Хяналтын зөвлөлийн тухайн жилийн хяналт үнэлгээний тайланг хэлэлцсэний үндсэн дээр Хяналтын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь, эсхүл зарим гишүүдийг улираан томилох асуудлыг шийдвэрлэнэ.
-оОо-
Холбоо барих утас: 88015713, 99687676
Санал хүлээн авах и-майл хаяг: nansalmaa@gov.mn, bulgaa@csc.gov.mn